
Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь АНУ-д төвтэй, дэлхийн цусны албаны хамгийн нэр хүндтэй байгууллагуудын нэг болох AABB (Association for the Advancement of Blood & Biotherapies)-ийн “Quality Certificate Program – Fundamental Standards for Blood Collection and Transfusion” олон улсын чанарын хөтөлбөрийн шаардлагыг амжилттай хангаж, AABB-ийн Чанарын сертификат (Quality Certificate)-ыг хүртлээ.
AABB-ээс сертификат илгээснийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр ЦССҮТ-ийн хамт олонд 6-р сарын 4-ний өдөр гардуулан өгч, баяр хүргэлээ.AABB нь 1947 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн 80 гаруй орны цусны алба, эмчилгээний байгууллага, мэргэжилтнүүдийг нэгтгэсэн олон улсын байгууллага юм. Тус байгууллагын стандарт, чанарын үнэлгээ нь цус цуглуулах, шинжлэх, цус, цусан бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах, түгээх, сэлбэх үйл ажиллагааны чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд үнэлдэг хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоонд тооцогддог.
AABB-ийн Fundamental Standards for Blood Collection and Transfusion стандарт нь цусны албаны байгууллагуудад чанарын удирдлагын тогтолцоо болон техникийн шаардлагуудыг олон улсын түвшинд хэрэгжүүлэх суурь шаардлагыг тодорхойлсон бөгөөд AABB-ийн Quality System Essentials (QSE)-д суурилан боловсруулагдсан байдаг.
ЦССҮТ энэхүү хөтөлбөрийн хүрээнд байгууллагын чанарын удирдлагын тогтолцоо, эрсдэлийн удирдлага, цусны сонор сэрэмжийн тогтолцоо, дотоод хяналт, үл тохирол болон залруулах арга хэмжээний тогтолцоо, тоног төхөөрөмжийн баталгаажуулалт, ажилтны мэдлэг ур чадвар, чадамжийн үнэлгээ, үйл явцын хяналт болон тасралтгүй сайжруулалтын үйл ажиллагаагаа олон улсын шалгуурын дагуу үнэлүүлж, шаардлагыг бүрэн хангаж ажилласнаа нотолсон байна. Мөн цусны донор сонгон шалгаруулалт, цус цуглуулах, лабораторийн шинжилгээ хийх, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, түгээх, эмнэлгүүдэд нийлүүлэх хүртэлх бүхий л үе шатанд чанар, аюулгүй байдлыг хангах тогтолцоо, баримтжуулалт, хяналт, хариуцлагын механизмыг олон улсын түвшинд хэрэгжүүлж байгааг AABB-ийн үнэлгээгээр баталгаажууллаа.
Тус сертификат нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд байгууллага олон улсын стандартын шаардлагыг тогтвортой хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж байх үүргийг давхар хүлээдэг онцлогтой.
Энэхүү амжилт нь:
- Монгол Улсын цусны албаны чанар, аюулгүй байдлын тогтолцоо олон улсын түвшинд хүрснийг баталгаажуулсан;
- Цусны донор болон үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах тогтолцоо олон улсын шилдэг туршлагатай нийцэж буйг нотолсон;
- Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, түгээлт, хэрэглээтэй холбоотой үйл ажиллагаа олон улсын шаардлага хангасныг үнэлсэн;
- Монгол Улсын эрүүл мэндийн салбарын нэр хүнд, олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэсэн;
- Цус сэлбэлт судлалын салбарын хөгжилд шинэ шат нээж, олон улсын шилдэг туршлага, стандартыг цаашид тогтвортой нэвтрүүлэх боломжийг өргөжүүлсэн чухал үйл явдал болж байна.
Түүнчлэн ЦССҮТ нь 2015 оноос Эрүүл мэндийн байгууллагын лабораторийн чанар ба чадавхад тавигдах шаардлага ISO 15189:2012, (MNS ISO 15189:2015), Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2015, ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны ISO 45001:2018 стандарт болон цусны аюулгүй байдлыг хангах чиглэлээр шинэ дэвшилтэт технологийг үе шаттай нэвтрүүлж, чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй хөгжүүлсээр байгаа нь энэхүү амжилтын үндэс болсон юм.
“Цусны аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдал.”