
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгооны ач холбогдлыг таниулах зорилготой Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж буй “Нээлттэй хаалганы өдөрлөг” хоёр дахь өдрөө амжилттай болж өндөрлөлөө.

Тус өдөрлөгийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олон 04 сарын 20, 21-ний өдрүүдэд иргэдэд цусны донор болохын давуу тал, ач холбогдлын талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав. Мөн иргэдийн цусны бүлгийг тодорхойлох шинжилгээг газар дээр нь хийж, сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулсан юм.
Энэхүү хүмүүнлэгийн үйлсэд Монголын донорын холбоо, Сүхбаатар дүүргийн Улаан Загалмайн хороо болон “Донор брэнд” хамтран ажиллаж, мэдээлэл сурталчилгааг иргэдэд хүргэлээ.

Өдөрлөгийг тохиолдуулан цусны донорын эгнээнд нэгдэн, олон хүний амьдралд итгэл, найдвар бэлэглэсэн доноруудаа алдаршуулсан нь онцлох үйл явдал байлаа. Үүнд:
“Алтан донор” цол тэмдгээр Хүндэт донор С.Хүрэлбаатар;
“Мөнгөн донор” цол тэмдгээр Хүндэт донор Д.Мэндбаяр;
“Хүрэл донор” цол т тэмдгээр Хүндэт донор С.Батсайхан;
“Бахархал 50” цол тэмдгээр Хүндэт донор М.Дэнсмаа;
“Бахархал 40” цол тэмдгээр Хүндэт донор Г.Насанжаргал;
“Бахархал 30” цол тэмдгээр Н.Цолмонцацрал;
“Бахархал 20” цол тэмдгээр Б.Балжинням;
“Бахархал10” цол тэмдгээр Э.Бат-Амгалан нарыг тус тус шагнаж, хүндэтгэл үзүүллээ.
ЦССҮТ нь цаашид ч иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, цусны нөөцийг бүрдүүлэх чиглэлээр сайн дурын доноруудын идэвх оролцоог дэмжин ажиллах болно.